Герман-Монголын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны тухай
Герман-Монголоор овоглосон манай Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ) нь мэргэжлийн сургалтаар дэлхийд тэргүүлэгч төрийн болон төрийн бус байгууллага, хувийн компани, хувь хүмүүстэй ойр дотно хамтран ажиллаж байна.
Герман-Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (ГММСҮТ) нь 2012 оны 9-р сарын 14-нд үүд хаалгаа албан ёсоор нээж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй.
ГММСҮТ-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд юуны өмнө хүний нөөцийн оюуны чадавхи, дадлага туршлага, сургуулийн материаллаг баазыг олон улсын түвшинд хүргэснээр төгсөгчдийн мэдлэг, ур чадвар, дадлагыг мөн түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Манай сургуулийн нээлтийн арга хэмжээнд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, ноён Др. Петер Шаллер, тус элчин сайдын яамны ажилтнууд, УИХ, Засгийн газрын төлөөлөл, холбогдох яам, агентлагууд болон бидэнтэй хамтран ажилладаг байгууллага, компаниудын төлөөлөгч оролцсон юм.
Манай сургалтын төвийн үйл ажиллагааг ХБНГУ-ын ЭСЯ-аас байнга дэмжиж байдаг бөгөөд үүний нэг тод илрэл нь ХБНГУ-ын гадаад хэргийн сайд манай оронд албан ёсоор айлчлах үед ЭСЯ айлчлалын хөтөлбөрт манай сургуульд зочлохоор оруулж, Германы эрхэм зочид 2014 оны 7-р сарын 07-нд манай сургуульд зочлон бидний ажилтай нэг бүрчлэн танилцаж ихэд сэтгэл хангалуун байсан нь манай сургуулийн нэр хүндийг олон улсын хэмжээнд өргөсөн явдал болсон билээ.
Гагнуурын технологоор дэлхийд тэргүүлэгч Германы гагнуурын нийгэмлэг (ГГН)-тэй хамтын ажиллагаа хөгжүүлэхийг бид зорьж ажилладаг бөгөөд ГММСҮТ-ийн үүсэл, хөгжил нь тус нийгэмлэгийн тусламж дэмжлэгтэй салшгүй холбоотой. ГГН -ийн тэргүүн дэд ерөнхийлөгч ноён Христиан Ааренсыг бид Монгол оронд зочлон манай сургуулийн үйл ажиллагаатай танилцах, мэргэжлийн хүний хувьд бидэнд дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүссэн юм. Тэр бидний урилгыг хүлээн авч Монголд зочлон манай сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, ГММСҮТ-ийг хэрхэн олон улсын түвшинд хүргэх талаар бидэнд үнэтэй зөвлөгөө өгсөн билээ. Ноён Ааренсыг бид ГММСҮТ-ийн захирлын дэргэдэх зөвлөлд гишүүнээр ажиллахыг санал болгосны дагуу уг саналыг хүлээн авч бидэнтэй хамтран ажиллах шийд гаргасан бөгөөд манай ажилд үнэтэй санал, зөвлөгөө өгч нягт хамтран ажиллаж байна.
Бид ГММСҮТ-ийн багш нарын онолын мэдлэгийг орчин үеийн мэдээллээр тогтмол баяжуулах, дадлагын хичээл заах ур чадварыг өндөр түвшинд гаргах, заах аргыг Германы сургалтын түвшинд хүргэх зорилт дэвшүүлэн ажилладаг юм. Энэ зорилтын хүрээнд бид багш нарыг Герман улсад илгээн сургаж дадлагажуулах, Герман улсаас өндөр нарийн мэргэшлийн багш урьж хичээл заалгах, өөрийн сургуулийн материаллаг бааз, багш нарын мэдлэг, чадавхид тулгуурлан эх орондоо олон улсын хэмжээний гагнуурын багш бэлтгэх зэрэг ажлуудыг хийж байна. ГГН-ийн дэмжлэг туслалцаатайгаар бид 2012 ба 2015 онд дадлагын багш нараа хоёр удаа сургаж дадлагажуулсан төдийгүй одоо Германы Дуисбург хотод гагнуурын мэргэжлийн олон улсын эрхтэй хоёр инженер-багшийг бэлтгэж байна. Эдгээр багш нар маань 2016 оны 11 сард төгсөн ирж онолын хичээл заах болно.
Олон улсын түвшинд хүрсэн сургалтын материаллаг бааз, багш нарын чадавхид тулгаарлан ГГН-ийн стандарт хөтөлбөрийн дагуу олон улсын эрхтэй гагнуурын дадлагын багш бэлтгэх 8 долоо хоногийн сургалтыг бид 2012 оны 7-р сард Монгол улсад анх удаа өөрийн сургалтын төвд амжилттай зохион байгуулсан. Энэ сургалтад 8 гагнуурчин хамрагдаж, олон улсын эрхтэй дадлагын багш болон төгссөн билээ. ГГН-ийн Халле хот дахь салбар нийгэмлэгээс Германы залуучуудын гагнуурын аварга болж байсан туршлагатай сургагч-багш, ноён Хасерт онолын ба дадлагын хичээл заасан бол тус нийгэмлэгийн маркетингийн албаны захирал, ноён Бёрнерт ирж шалгалт авсан. Хичээл заах, шалгалт авахад өөр өөр багш ажилладаг бөгөөд шалгалт авахдаа зөвхөн суралцагчийн онолын мэдлэг, дадлагын түвшинг тогтоогоод зогсохгүй багшийн заах аргыг давхар дүгнэдэг сургалтын зарчимтай Германы туршлагаас суралцан, багш нар өөрсөддөө өндөр шаардлага тавьж, суралцагчдад сайн суралцахын зэрэгцээ цаг нарийн барих, аливаа ажилд хариуцлагатай хандах хандлагыг эзэмшүүлдэг.
ГММСҮТ-ийн Сургалтын албаны дарга Ч.Оюунцэцэг 2015 онд ХБНГУ-ын Лайпциг хотын МСҮТ болон Халле хотын гагнуурын нийгэмлэгт дадлага хийж мэргэшилтэй ажилчин бэлтгэж байгаатай танилцаж туршлага судалсан нь сургалтын чанарыг дээшлүүлэхэд ач холбогдолоо өгч байна.
Бид сургуулийнхаа сургалтын материаллаг баазыг олон улсын стандартад нийцүүлэх, сургалтын бүх өрөө тасалгааг Германы сургалтын кабинетуудын стандарт, загвараар иж бүрэн тоноглохыг зорьж ажиллаж байна. “Хасу-Мегаватт” компани Халле хотын Гагнуурын нийгэмлэгт 2012 оны 7-р сард үйлдвэрлэгдсэн сургалтын зориулалттай орчин үеийн гагнуурын дадлагын иж бүрэн тоног төхөөрөмжийг худалдан авч нийлүүлсэн бөгөөд манай багш нар Хасерт багшийн тусламжтайгаар энэхүү тоног төхөөрөмжийг бүрэн сурч эзэмшин сургалтад ашигладаг болсноос гадна сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд идэвхи санаачлагатай ажиллаж байна.
Германы ТЕСЕ компанийн зүгээс 2013 онд сантехникийн чиглэлээр сургалт явуулан, 7 ажилтныг Эмьстеттен хот дахь өөрийн сургалтын төвд мэргэшлийн сургалтад хамруулсан юм.
ГММСҮТ-ийн үйл ажиллагаанд монголын холбогдох яам, агентлагуудаас гадна Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ГОУХАН) дэмжлэг туслалцаа үзүүлдэг. ГОУХАН-ийн шугамаар ХБНГУ-ын Засгийн газрын хөрөнгөөр манай сургуульд сургалтын багаж, тоног төхөөрөмж нийлүүлсэн бөгөөд 2015 оны 8 дугаар сараас гагнуурын багш, ноён Александр Веттер 2 жилийн хугацаатай ирж гагнуурын сургалтыг хэрхэн оновчтой, үр өгөөжтэй явуулах талаар хамтран ажиллаж байна.
2015 оны 6-р сард манай дадлагын багш нарын олон улсын эрхийн хугацаа дууссан болон 2015 оны 9-р сараас Гагнуурын олон улсын сургалтад ISO-9606 стандартыг мөрдөх болсонтой холбогдуулан ГГН-ийн удирдлагад хандан хүсэлт гаргасны дагуу ХБНГУ-ын Ханновер хотын салбар нийгэмлэгийн сургагч-багш ноён Зальвассер манай сургуульд ирж 2 долоо хоногийн онол ба практикийн түргэвчилсэн давтан сургалтыг ISO-9606 стандартын дагуу явуулсан бөгөөд манай дадлыгын 4 багш амжилттай суралцаж олон улсын эрхээ дахин 3 жилээр сунгаж чадлаа. Шалгалтыг Ханновер хотоос зөвлөх ноён Оверпеннинг ирж онолын болон дадлагын хичээлээр шалгалт авсан.
Манай сургалтын төв өөрийн үйл ажиллагаандаа ГГН-ийн сургалтын баялаг туршлагаас суралцаж, стандартыг мөрдөж ирсэн нь бидний ажлын амжилтын гол хүчин зүйл болж манай сургалтын түвшин, чанар олон улсын түвшинд хүрч чадсан юм. Үүний тод жишээ нь ГММСҮТ байгуулагдсанаасаа хойш нэг жил ажиллаад Монголын шилдэг МСҮТ-өөр шалгарсаны зэрэгцээ, сургалтын төвийн багш, төгсөгчид 2 жилд нэг удаа олон улсад зохион байгуулагддаг мэргэжлийн гагнуурчдын тэмцээнд 2014 оны 6-р сард Бээжин хотноо амжилттай оролцож, багаараа Герман улсын багийн дараа дэлхийд 2-р байранд шалгарсан нь манай сургалт олон улсын түвшинд хүрснийг харуулав.
Герман хэл сурах явдал бидний хамтын ажиллагааны чухал хэсэг тул 2012 оноос Герман хэлний тэнхимийг үндэслэн герман хэл заах, орчуулгын ажлыг тогтмол хийж байна. 2012 оны намар Герман хэлний мэргэжлийн багш, хатагтай Грозыг 2 сарын хугацаатай урин ирүүлж, Хасу-Мегаватт компани болон ГММСҮТ-ийн ажиллагсдад герман хэлний сургалт зохион байгуулсан юм. Хатагтай Гроз Монголд ажиллаж байсан тухайгаа Германы өдөр тутмын сонинд хэвлүүлэн манай сургалтын төвийг сурталчилсан юм.
Налайх дахь Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийн зүгээс манай сургалтын төвтэй мэргэшлийн сургалтын чиглэлээр хамтран ажиллаж оюутан сургах санал тавьсаны дагуу ГММСҮТ-ийн материал-техникийн баазыг түшиглэн мэргэжлийн практик-сургалтыг хамтран явуулахаар төлөвлөж байна.
ГММСҮТ нь гадаад харилцааны хүрээнд Германы мэргэжил нэгт байгууллагуудтай хамтын ажиллагаагаа шинэ агуулга, хэлбэрээр баяжуулан хөгжүүлэх, өргөтгөх бодлого барин, ГГН болон түүний салбар нийгэмлэгүүдтэй улам ойр дотно ажиллаж тэднээс суралцаж байна. Энэ оны эцсээр ГГН-ийн хамтын ажиллагаа хариуцсан шинэ ерөнхийлөгч болон Ханновер хотын салбар нийгэмлэгийн дарга ноён, доктор Миттельштедт нарыг өөрийн сургуульд ажлын айлчлал хийлгэхээр уриад байна. Энэ айлчлалын үеэр бид хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлэн бэхжүүлэх талаар харилцан санал солилцох болно.